YEC Чуулган 2018

 

2018 “Хөдөө Аж Ахуйн Салбарт Ухаалаг Технологи Нэвтрүүлэх Чуулга”, УБ, МУ

 

“Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвт уулзалт семинарийг Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн газартай хамтран Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.

 

Хѳдѳѳ аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулах, шинэ санаа, тѳслѳѳ танилцуулах, түүн дээрээ үндэслэн бодит бизнесийн загварыг бий болгох, БНСУ-ын зөвлөхүүдээс зөвөлгөө авах, туршлага солилцох зэрэг боломжуудыг олгосон уулзалт болж өнгөрлөө.

Монголын хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаанд суурилсан ухаалаг технологийг нэвтрүүлснээр ард иргэд, цаашлаад улсын эдийн засагт тулгуур болох алсын зорилгын хүрээнд хийж байгаа юм. ХАА-н салбарт 10 жилийн дараа ямар технологи хэрэгтэй байна гэдгийг ХААИС-ийн эрдэмтэд, ХАА-н салбарт бизнес эрхлэгчдийн төслүүдээс сонгож 2-3 төслийг БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн газраас санхүүжүүлнэ. Улмаар БНСУ-д ашиглаж буй дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах зорилготой гэж зохион байгуулагчид онцолж байлаа.

 


Түүнчлэн уулзалтад 300 ажилтантай “Asia Today” хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхийлөгч сэтгүүлчдийн багтайгаа хүрэлцэн иржээ.
Учир нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Азийн зах зээл дээр гаргахад Азийн хэвлэл мэдээллийн байгууллага хамтарч ажиллахаар Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.


“Монголын Хөдөө аж ахуйн салбарт салбарын бизнесийг хөгжүүлэх, инновацийг бий болгох, ухаалаг технологийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. ХААИС-ийн судлаачдийн бий болгосон судалгааны үр дүн, инноваци цөөнгүй бий. Эдгээр инновацийг хэрэгжүүлэх талаар гадаадын их сургуулиудтай  хамтран ажиллаж судалгааны үр дүнг улам сайжруулж байгаа. Одоогийн байдлаар ХАА-н салбарт 600 гаруй инновацийн бүтээгдэхүүн бий. Бид 300 орчим бүтээлээр каталог хийж бизнес эрхлэгчдэд хүргэсэн. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгээр 10 орчим инновацийн төслийн үр дүнг хэлэлцүүлж бизнес болгох юм. Үүний нэг нь хүлэмжийн аж ахуйг ухаалаг болгох төсөл. Манай улсад 20 орчим га хүлэмжийн аж ахуй байдаг. Дотоодын нийт хэрэгцээний жимс жимсгэний 1.3 хувийг л хангадаг. Тиймээс хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, технологийг нь ухаалаг болгох хэрэгтэй” гэлээ.