ЯПОНЫ ЭЛЧИН САЙД КОБАЯШИ ХИРОЮКИ ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки болон Японы ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямашита Акихито, хоёрдугаар нарийн бичгийн дарга Кояма Исао нар Удирдах зөвлөлийн гишүүдтэй хийсэн өмнөх уулзалтын мөрөөр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гишүүдийн компаниудаар зочилж тэдний үйл ажиллагаатай танилцав.

 

Элчин сайдын хүсэлтээр Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Октябрийн компани болох “Драгон Холдинг” ХХК-ийн худалдаа, үйлчилгээний төвийн барилга байгууламж “Драгон” худалдааны төв, олон улсын авто-вокзалтай танилцаж хэрэгжүүлсэн төслүүд, цаашдын төлөвлөгөө зэргийн талаар мэдээлэл авлаа.

 

 

Магнай Трейд групп болон үүрэн холбооны үндэсний оператор Gmobile компанийн үйл ажиллагаа зэрэг нь мөн Элчин сайд Кобаяши Хироюкигийн сонирхлыг татсан газрууд байсан тул Gmobile компаний захирал, МТ группын гүйцэтгэх захирал, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Г.Дашням төлөөлөгчдийг хүлээн авч МТ-ийн шатахууны бааз болон Gmobile-ийн дата төвийн үйл ажиллагаатай танилцуулав.

 

 

Элчин сайд Кобаяши Хироюки уулзалтуудын үр дүнд сэтгэгдэл өндөр байсан бөгөөд цаашид Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагаа болон Монголын гарааны бизнесүүдийн үйл ажиллагааг дэмжих тал дээр хамтран ажиллаж, Япон-Монголын хооронд бизнесийн туршлага солилцох хөтөлбөр, Токиогийн олимпын үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Mongolian Night in Tokyo” арга хэмжээ зэрэгт дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.