“МОНГОЛ - СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨВ” БАЙГУУЛАГДАХААР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл доорх Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн (ЗБЭЗ) нь гарааны бизнес эрхлэгч, энтерпренеруудад ажиллах ээлтэй орчинг бий болгоход бодлогоор дэмжлэг үзүүлэх, улмаар глобал түвшинд шинэ үеийн монгол бизнес эрхлэгчдийг өрсөлдүүлэх, гадны хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлж энтерпренерт соёлыг Монгол Улсад төлөвшүүлэхээр үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Суны хамт Дэлхийн эдийн засгийн форумаар (2020/01/23)

 

Үүний хүрээнд, 2020 оны 2 дугаар сараас гарааны бизнес, энтрепренер залуучуудыг дэмжих зорилгоор ЗБЭЗ нь Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран БНСУ-ын Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй (KISED)  “Монгол - Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах боломжийг судлаж эхэлсэн. Улмаар БНСУ-ын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Монгол - Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төсөл шалгарсан тухай албан ёсны мэдэгдлийг хүргүүлээд байна.

 

Зүүн талаас БНСУ-ын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал И Гён, НЗДГ бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайхан (2020/02/27)

 

Зүүн талаас Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал, Сувон хотын Ажоу их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Ким Хан Сун, Чун Ан их сургуулийн профессор Чу Ён Шик, БНСУ-ын Гарааны бизнес, энтрепренерийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал И Гён, МУ-ын БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн НҮТББ-ын ТУЗ-ын гишүүд О.Тэнүүн, Б.Октябрь (2020/02/27)

 

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгын газраас батлан хэрэгжүүлж буй Төрөөс инновацын талаар баримтлах бодлого, Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр; Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд чухал ач холбогдолтой юм. Уг төслийн хүрээнд:

          - стартапыг дэмжих мэдлэг олгох мөн холбогдох боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулан ажиллах хүрээнд энтрепренер боловсрол; хурдасгуур, инновацийн хүний нөөц, гарааны бизнес эрхлэгч нарыг Монгол, Солонгосын мэрэгшсэн экспертийн баг хамтран хөгжүүлэх,

          - Монгол – Солонгосын бизнесийн орчинг сайжруулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд мэдлэг, мэдээлэл мөн сайн туршлагыг солилцох; инновацын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, түүний эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх; гарааны бизнес хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ.


НЗДГ бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайхан, ЗБЭЗ-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхмаралын хамт (2020/06/22)

Ингэснээр, Монгол Улсад гарааны бизнесийн эрүүл экосистемийг бий болгох, ээлтэй хууль эрх зүйн орчинг цогцлоох ба НҮБ-ийн Тогтвортой Хөгжлийн Зорилт, МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын биелэлтийг хангах юм.