ЛОЖИСТИКИЙН САЛБАРЫН ЭРГЭН ТОЙРОНД ЗӨВЛӨГӨӨН

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөгөөн ТББ нь дотоодын гарааны бизнес эрхлэгчдийн ажиллах ээлтэй орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор аялал жуулчлал ба соёл, боловсрол; мэдээлэл технологи; логистик; хөдөө аж ахуй гэсэн үндсэн таван салбарт үйл ажиллагаагаа явуулдаг билээ. 

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд 2020 оны 10 дугаар сарыг Логистикийн сар болгосон бөгөөд тус салбарын анхдугаар үйл ажиллагаа болгон сонирхогч залуусыг Төмөр замын бүтээн байгуулалттай танилцуулж "Gobi Escape" хөтөлбөрийг зохион байгуулж нийт 130 гаруй залуучууд оролцсон болно.

Удаах үйл ажиллагаа маань зам тээвэр, вагон тээвэр, зорчигч тээвэр, агаар тээвэр болон буухиа гэх ложистикийн олон төрөлт салбаруудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй эрхмүүд, холбогдох төрийн албаны төлөөллийн хамт урьж салбарын мэдээ мэдээллийг залууст нээлттэй хүргэх, хэрхэн тус салбарт бизнесээ эхлүүлэх, өрсөлдөх болон тулгардаг сорилууд мөн тус салбарт өрнөж буй цахим шилжилтийн талаар чөлөөт хэлэлцүүлэг болсон юм. 

Тус хэлэлцүүлэгт Авто тээврийн үндэсний газрын дарга О.Энхбат Монгол улсад анх удаа үүсэж буй авто тээврийн мэдээллийн цахим шилжилт түүнтэй холбоотой баримт бичиг болон давуу тал зэргээр хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд бусад хувийн хэвшлийн байгууллагуудаас мөн оролцож тулгамдаж буй асуудал тус салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай нөөц баялаг, чадамж зэргээр ярилцаж нэтворкийн эвентээр өндөрлөлөө.